images

Б.Айман: Америк, Европын 25 их сургуульд өргөдлөө явуулаад 20-иос нь тэнцсэн хариу авсан

Б.Бадамзул

Зөв монгол хүн

2025-05-23


АНУ, Европын 20 их сургуульд тэнцэж нийтдээ 868 мянган доллар буюу гурван тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг авсан “Баян Өлгий Эмпати” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Бекболатын Аймантай ярилцлаа.

- Сайн байна уу? Айман одоогоор хэдэн их сургуульд тэнцэж, хэр их тэтгэлэг аваад байна вэ?

- Би 25 их сургууль руу өргөдөл илгээгээд 20-иос нь тэнцсэн хариу, тэтгэлгийн саналын хамт хүлээж авсан. Ихэнх нь АНУ-ын их сургуулиуд, цөөхөн хэд нь Европынх. Тухайлбал Индианагийн их сургууль, Миннесотагийн их сургууль, Мэрилэндийн их сургууль, Нью-Жэрсийн их сургууль гэх мэт. Энэ сургуулиудаас санал болгосон тэтгэлэг нь нийлээд дөрвөн жилийн хугацаанд 868800 доллар болсон гэж манай сургууль тооцоолсон байна лээ. Их сургуулиуд тэтгэлгээ дөрвөн жилээр өгдөг. Мөн дээрхээс гадна Унгарын Засгийн газрын бүтэн тэтгэлэгтэйгээр Будапештийн Технологи, эдийн засгийн их сургууль болон Этвөш Лорандын их сургуульд тэнцсэн. 25 их сургуулийн хоёроос нь хүлээлгийн жагсаалтад орсон тухай хариу авсан, үлдсэн гуравт нь тэнцээгүй.

- АНУ, Европын их сургуулиудад өргөдөл явуулах явц ямар байсан бэ?

- Төстэй санагдсан. Бүгд эхлээд дүнгээ, дараа нь хичээлээс гадуурх үйл ажиллагаа, ололт амжилтуудаа дурдаад, тэгээд эсээгээ явуулахаар байв. Европын сургуулиуд бол motivation letter, АНУ-ынх болохоор personal statement гэж бичдэг. Энэ хоёр төстэй, аль аль нь 650 үгтэй эсээ. Мөн эдгээрээс гадна сургууль сургуулиасаа хамаараад 200-300 үгтэй богино эсээ бичүүлдэг юм байна. АНУ-ын сургуулиуд руу өргөдөл явуулдаг сайтаар бүх сургууль руу явуулах ижил материалаа нэг дор илгээчхээд эсээгээ сургууль тус бүрд нь өгөгдсөн сэдвээр бичиж илгээдэг. Миний өргөдөл явуулсан 25 сургуулийн 19 нь АНУ-ынх байсан болохоор эсээнүүд нь нэлээн төстэй байсан. Учир нь, миний сонгосон платформ дээд тал нь 20 их сургууль сонгож өргөдөл илгээх боломжтой нь. Тэгээд таван эсээ боловсруулсан байхад тэрийгээ өөрчлөөд өөрчлөөд явуулж болдог. Гэхдээ яг тухайн сургууль бүрд зориулж эсээ бичсэн нь дээр болов уу гэж би бодож байна. АНУ-ын сургуулиудын өргөдөл авах хугацаа эрт буюу early actioned болон regular гэсэн хоёр янз. Өргөдлөө эрт өгөх гэж байгаа бол ихэнх тохиолдолд тэнцвэл яг элсэж орно гэсэн нэг сургуульдаа хандана. Тэр нь 9-11 дүгээр сард нээгддэг бол энгийн нь 12-1 дүгээр сард өргөдөл авдаг. Харин Европын сургуулиуд 2, 3 сар хүртэл өргөдлөө хүлээж авсаар байсан. Би аль аль цагт нь өргөдлөө явуулж үзсэн юм. Нью-Йоркийн их сургуулийг сонгохоор шийдсэн учраас өргөдлөө эрт гаргасан ч татгалзсан хариу авсан. Ингэж өргөдөл гаргахын давуу тал нь хариу нь эрт ирдэг юм билээ.

- Эдгээрээс аль их сургуулийг ямар мэргэжлээр суралцахаар сонгосон бэ?

- АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн (UMBC) Балтимор тойрог дахь салбарт суралцахаар суудлаа баталгаажуулаад байна. Би багаасаа математик, физикийн хичээлээр гүнзгийрүүлэн хичээллэсэн юм. Тэгээд аравдугаар ангид ороод мэргэжил сонгох болоход өөрийгөө математикчаар ч, физикчээр ч төсөөлж чадахгүй байсан. Тийм болохоор энэ хоёр сонирхлоо нийлүүлж чадахаар мэргэжил сонгоё гэж бодоод нэлээд судалсны эцэст мэдээллийн технологи буюу computer science гэдэг мэргэжил төгс тохирох юм байна гэж бодоод сонголоо. Мөн энэ мэргэжил ирээдүйд эрэлттэй байх болов уу гэж бодсон. Миний сонгосон сургууль 60 мянган долларын тэтгэлэг өгсөн. Дөрвөн жилд тус бүр 15 мянга гэсэн үг.

- Энэ сургуулийг сонгох болсон шалтгаан нь юу вэ?

- Яг 11 дүгээр ангийнхаа өвөл сургуулиудаа судалж эхэлсэн. Би АНУ-д очвол ганцаараа амьдарна. Тийм болохоор хичээл зааж байгаа байдал, академик талаас гадна ганцаараа бие даан амьдарч чадахаар аюулгүй газар сонгох хэрэгтэй болсон. Мэрилэндийн их сургууль болохоор Вашингтоноос нэг цагийн зайтай, хотын захын бүсэд байдаг. Тийм болохоор байршил нь аюулгүй. Энэ сургууль IVY лигийн сургууль биш ч гэлээ компьютерийн чиглэлээр улсдаа нэлээн дээгүүр ордог. Мөн оюутны хотхон нь их таалагдсан.

- АНУ-ын их сургуулиудын тэтгэлэг ямар онцлогтой вэ?

- АНУ-ын их сургуулиудын тэтгэлэг хоёр хуваагддаг. Нэг нь академик merit scholarship, нөгөөх нь need based scholarship. Эхнийх нь тэр хүүхдийн сурлага, амжилтад тулгуурлаж тэтгэлэг өгдөг. Харин нөгөө нь төлбөр төлөх чадамжтай эсэхээс хамаардаг. Академик тэтгэлэгт тусдаа өргөдөл гаргах шаардлагагүй, зөвхөн элсэлтийн өргөдлийг маань хараад тэтгэлэг олгох эсэхээ шийддэг. Өрхийн орлогоос хамааралтай тэтгэлэг авахаар бол тусад нь өргөдөл гаргасан байх шаардлагатай. Дунд зэргийн их сургуулиуд нь need based scholarship өгдөггүй юм шиг санагдсан. IVY лигийн сургууль бол need based scholarship авах шаардлага хангавал харамгүй өгдөг юм билээ. Харин дунд зэргийн сургуулиуд нь академик талаас нь авч үзээд өгдөг юм байна. Би анх 30 их сургууль сонгосон байж байгаад багасгасаар багасгасаар 25 болгосон. Ингэхдээ олон улсын оюутнуудад хэр нээлттэй вэ, тэр сургуулийн хэдэн хувийг гадаад оюутан бүрдүүлдэг вэ, тэтгэлэг өгөх магадлал нь хэр өндөр вэ гэдгийг харсан.

- Чиний эсээний сэдэв юу байв? Эсээ бичих тал дээр үеийнхэндээ өгөх эн тэргүүний зөвлөгөө юу вэ?

- Би ямар эсээ бичих вэ гэдгээ өнгөрөгч есдүгээр сараас эхэлж бодсон. Тэгээд 11 дүгээр сард “За энэ л болно доо” гэсэн хувилбартаа хүрсэн. 650 үгтэй эсээ бичих нь сонсоход амархан санагдаж магадгүй боловч яг тулаад ирэхэд их хэцүү юм билээ. Үеийнхэндээ хэлэхэд, эсээгээ сонгосон мэргэжилтэйгээ уяж бичих нь ашигтай байх гэж бодож байна. Би ч тэгж бичсэн. Эсээний маань гол сэдэв бол “Barbie in System”. Системийн талбар дахь охины талаар өгүүлсэн эсээ. Яагаад энэ сэдвээр бичих болсон бэ гэхээр 10 дугаар ангид байхдаа би Азийн физикийн олимпиадад оролцсон юм. Тэгэхэд Монголын багийн 16 хүүхдийн 14 нь эрэгтэй, хоёр нь л эмэгтэй байсан. Бусад улсын хувьд ч ялгаагүй. Тийм болохоор системийн талбар руу охид яагаад нэг их ордоггүй вэ, хэрэв би энэ чиглэлээр суралцаад амжилттай төгсвөл ирээдүйд энэ талбарт илүү олон охин орох урам зориг нь болмоор байна гэсэн утгатай эсээ юм.

- Гадаадын их сургуульд сурна гэж хэзээнээс зорьж бэлдсэн бэ?

- Аравдугаар ангиасаа. Манай сургууль гадаад харилцааны зөвлөх багштай. Тэр багш маань гадаадад сурах ямар байдаг, ямар боломжууд олддог талаар байнгын хичээл ордог. Тэр хичээлүүдэд суусны дараа гадаадад суралцъя гэж бодож эхэлсэн. Тэр дундаа эх хэл нь англи буюу АНУ-д суръя гэж зорилго тавьсан болохоор өргөдлүүдээ голдуу тус улсын их сургуулиуд руу явуулсан юм. Тэгээд зайлшгүй IELTS, SAT шалгалтын оноотой байх ёстой учраас үүнээс бэлтгэлээ эхлүүлсэн. Хамгийн эхний алхам маань IELTS шалгалт өгөх байлаа. Монголд ЭЕШ-ын оноогоор их сургуульд элсүүлдэг бол АНУ-д сурахаар өргөдлөө явуулахад хүүхдийг хичээлээс гадуурх үйл ажиллагаа, хэлний оноо, 650 үгтэй эсээгээр тал талаас нь дүгнэж тэнцүүлдэг. Тийм болохоор есдүгээр ангиасаа эхлэн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцож бэлдэж эхэлсэн. Тэгээд 11 дүгээр ангийнхаа зун бүх шалгалтаа өгч дуусаад эсээгээ бичиж эхэлсэн.

   Миний хувьд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамаарах эн тэргүүний зүйл нь олимпиадад идэвхтэй оролцох байсан. Мөн сургуулиас гадуур доод ангийн дүү нартаа математик, физик, англи хэлний хичээлд нь тусалдаг байв. Энэ хоёрыг голлож хийгээд үлдсэнд нь сайн дурын ажил хийж, клубуудэд явна. Тэгээд сургуулийнхаа Өөрөө удирдах зөвлөл, Аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүнээр ажилласан. Монголын өсвөрийн парламентад оролцож байсан. Баян-Өлгий аймгаас оролцсон дөрвөн хүүхэд нэг жилийн хугацаанд орчны бохирдлыг бууруулах талаар бусад сургуулийн хүүхдүүддээ хичээл орж байлаа. Сургуулийнхаа монгол бичгийн уран бичлэг, төгөлдөр хуурын клубт явдаг. Найзуудтайгаа хамт сургууль дээрээ монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн гаргаж байснаа өргөдөлдөө бичсэн. Манай найзуудын ихэнх нь Европын сургуулиуд руу өргөдөл явуулсан. 

   Манай зөвлөх багш 10, 11 дүгээр ангид хичээл ордог бол 12 дугаар ангид орохоороо хүүхдүүд тус тусдаа очиж уулзаад зөвлөгөө авдаг. Тэгээд өргөдөл явуулах үед бидэнд их тусалсан. Бид дүнгээ шууд явуулахгүй, тэр багшаараа дамжуулдаг. Мөн тодорхойлох захидал бичүүлэхэд багшийн тус үнэлж баршгүй их.

- Чиний нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Цагаа хэрхэн хуваарилж хичээл болон бусад нийгмийн ажлаа зохицуулдаг вэ?

- 11 дүгээр ангид ямар байснаа ярья. Манай сургуулийн хичээл өглөө 8 цагаас өдөр 15:30 хүртэл үргэлжилдэг. Хичээлдээ суучхаад 17 цаг хүртэл олимпиадад бэлддэг байсан. Тэгээд хичээлээс гадуурх нийгмийн ажлаа ихэвчлэн амралтын өдрүүдээр хийнэ. Би тэмдэглэлийн дэвтэр, цахим цаг тооны бичиг хэрэглэдэг. Өмнөх орой нь маргаашийнхаа хийх юмыг төлөвлөчихвөл өглөө босоход урамтай, тэр өдөр үр бүтээлтэй өнгөрдөг байсан.

- Найзууд, дүү нар, завсар жил авч байгаа хүүхдүүдэд анхааруулж хэлмээр зүйл байна уу?

- Миний алдсан нэг зүйл бол шалгалтын сайн оноотой болох нь чухал гэж бодоод шалгалтад их хугацаа зарцуулсан. Тийм болохоор бүх хугацаагаа шалгалтад зориулахын оронд эсээ бичих болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд цагаа тэнцүү хуваарилаарай гэж зөвлөмөөр байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.